
Нэгэн үе манай улсын нийт нутаг дэвсгэрийн 12 хувийг эзэлдэг байсан ой мод өнөөдөр барагдахад ойрхон болжээ. Нэг хэсэг нь түймэрт автаж, нөгөө хэсэг нь хүр хорхойд идэгддэг ч ихэнх нь сүүлгүй чоно буюу ухамсар дорой хулгайчийн гараар орж байна. Монгол орны чимэг болсон ой мод мөхлийн ирмэгт ирснийг хаанахын ямар ч модтой уулнаас бэлхнээ харахаар болсон. Хүр хорхой, түймэрийн аюулыг энд дурдахаа болъё.
Хөнгөн тэрэг унаж, аль сайхан уулыг сонгон хөрөө барин дайрч байгаа модны хулгайчдыг цагдаагийн зарим албан хаагчид нь барьж саатуулдаг ч нөгөө хэсэг нь болох хууль хяналтынхан толгойг нь илээд хуулийн гадуур хайцайлсаар өнөөдөр энэ төрлийн хулгай газар авч томчуудын дундах сүлжээний бизнес болон хувираад байна. Манай шөнийн сурвалжлах хэсэг өнгөрсөн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө цагдаагийнхантай хамтарч ажилласны дүнд модны хулгайчдын нэг хэсгийг илрүүлсэн юм. Модны хулгай сүлжээний бизнес болсон гэдэг нь эндээс бэлхнээ харагдлаа. Таны харж байгаа энэ 65-65 УНК улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашин бол хулгайн мод ачсан хоёр майти машины цаад эзэн. Модны хулгайчдын азгүй нэг өдөр цагдаагийнханд баригдсан нь энэ. Үүнээс өмнө хичнээн удаагийн үйлдлээр хэдийн хэмжээний ойг устгасныг хэлэх хүн ховор. Албан бус эх сурвалжаар улаанбаатар хотруу нэг машин мод оруулж ирэхийн тулд дор хаяж 200 мянган төгрөг зөвхөн цагдаагийн албан хаагчдад зориулдаг байна. Тэгэхээр энэ бизнест хувийнхан төрийн албан хаагчидтайгаа хутгалдаж байгааг харуулж байгаа юм.







(1 санал)
Сэтгэгдэл vлдээх