Өнөөдөр буюу 2007 оны 7 сарын 5-ны өдөр дэлхийн түвшний мэдээлэл технологийн боловсон хүчин бэлтгэхийг зорилгоо болгосон USI мэргэжлийн сургууль нээлтээ хийлээ.
Мэдээлэл технологийн салбар гэдэг сүүлийн үед аливаа улсын чухал салбар болж байгааг хүн бүр мэдэрч байгаа байх. Мэдээж аливаа салбарын хөгжил, ирээдүй гэдэг тухайн салбарынхаа боловсон хүчний түвшинтэй салшгүй холбоотой.
Хэдийгээр манай улсад сүүлийн жилүүдэд мэдээлэл технологи, програм хангамж чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг цөөнгүй их дээд сургуулиуд бий болсон ч сургалт, арга зүй маань өнөөх л хуучин систем, өнгөрөгч зууны арга барилаар явагдаж байгаа нь худал үг бишээ. Гэтэл дэлхийн энэхүү салбарын дэвшил биднээс холдон хөгжсөөр байдаг.
Энэхүү хоцрогдлыг арилгаж, монголын залуусын оюун чадахын бололцоог нээж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг мэдээлэл технологийн салбарын боловсон хүчин бэлтгэх зорилгыг USI мэргэжлийн сургууль гол чиглэлээ болгон ажиллахаар өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Уг сургуулийг манай талаас USI, “Интерактив”, “Инженер Софт”, “Май Тех” компаниуд Японы томоохон хөрөнгө оруулагч нартай хамтран байгуулж байгаа ажээ.
USI мэргэжлийн сургуулийн хамгийн гол давуу тал нь тус сургуулийн хөрөнгө оруулагч USI компаний захирал Ц.Буянцогтоогийн тодотгосноор дэлхийд зөвшөөрөгдсөн Японы мэдээлэл технологийн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, мөн дэлхийн мэдээлэл технологийн салбарын инженерүүд, программистуудын хамгийн том шалгуур болох ITEE буюу МТ-ийн мэргэжилтний шалгалтыг давсан шилдэг боловсон хүчин бэлтгэх бүх нөхцлийг бүрдүүлсэн орчин, танхимын болон онлайн сургалтыг хослуулан явуулах арга барил, түүнчлэн хичээлийг сүүлийн үед манайдаа маш амжилттай ажиллаж байгаа мэргэжлийн инженерүүд болон Япон улсаас уригдан ирэх мэргэжлийн багш нар заах явдал юм.
Ямартай ч сүүлийн үед манай мэдээлэл технологийн салбарын хөгжилд нилээд том асуудал болон яригдаж байсан мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх тал дээр нэгэн нааштай алхам хийгдэж байна гэж дүгнэж болох юм.
Ингээд энэхүү шинэ сургуулийн нээлтийн ажиллагаанаас хийсэн товч сурвалжлагаа сийрүүлье.
Нээлтэнд мэдээлэл технологи гэхээр төрийн түшээдээс хамгийн түрүүнд харагдаж байдаг УИХ-ын гишүүн З.Энхболд, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг мөн манай Мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын захирал, Япон талын хөрөнгө оруулагч нар гэхчлэн хүндэт зочид хүрэлцэн ирсэн байсан.
Нээлтийн үйл ажиллагаа 12 цагт эхэлж USI компаний захирал Ц.Буянцогтоо нээлтийн үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс тодотгох нэг зүйл гэвэл тэрээр өнөөдөр манай монголчууд дэлхийн мэдээлэл технологийн салбарын хөгжлөөс хэт хоцрогдсон зүйл байхгүй, мөн мэргэжилтнүүдийнхээ чадвараар ч гологдоод байхгүй, тиймээс бид цаг алдалгүй дэлхийн зах зээл дээр гарах тухай цогц бодлогыг боловсруулж хамтран ажиллаж чадвал Монгол улсад нэгэн цоо шинэ эдийн засгийн салбарыг бий болгон хөгжүүлж чадна гэдгийг сануулсан явдал байсан.
Дараагийн индэр дээр өөрийн сэтгэгдлээ хуваалцсан хүн бол Япон талын хөрөнгө оруулагчдын нэг Японы нэр хүнд бүхий “NIFCO” компаний төлөөлөгч байлаа. Тэрээр нийгэмийн бүх салбар мэдээлэлийн технологийн салбараас асар их хамааралтай болсон өнөө үед Монгол залуучуудын оюуны чадавхыг хөгжүүлэх нэгэн мэргэжлийн орчин үеийн сургууль нээлтээ хийж байгаа нь сайхан хэрэг гээд монголчуудыг энэ салбарт амжилт олно гэдэгт итгэж байгаагаа хэлсэн.
Дараагийн япон зочин бол мөн Япон талаас хөрөнгө оруулсан ноён Мацуй байлаа. Энэхүү сургуулийг байгуулах хүртэл буюу өнөөдрийн энэ сайхан өдрийг хүртлэх хугацаа бол амар биш үе байсан нь ойлгомжтой гэж ноён Мацуй хэлээд, энэ хугацаанд хүсэл, зорилгодоо хүрэхийн тулд тууштай явсан Ц.Буянцогтоо захиралд баярлаж байгаагаа тодотгосон. Мөн тэрээр бидний энэхүү сайхан хүсэл мөрөөдөл монголын залууст бас энэ эрчээрээ хүрч, амжилт авчирна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн нь их энгийн сэтгэл хөдөлгөсөн үг байлаа.
Нээлтэнд ирсэн УИХ-ын гишүүн З.Энхболдын хэлсэн үг харин анхаарал татсан зүйлээр арвин байсан. Тэрээр өнөөдөр Монгол улсын төвөст өдөрт л гэхэд тэрбум төгрөг орж байдгийг тодотгоод энэхүү мөнгөний буюу нийт 7 өдөр улсын төсөвт орж байгаа мөнгөөр залуусаа англи хэлтэй болгох тусгай хөтөлбөрт зарцуулах хуулийн төсөл УИХ-д өргөн барих гэж байгаа тухайгаа сонордуулсан. Түүнчлэн дэлхийн зах зээлээс манай улсын мэдээлэл технологийн салбар жилдээ 60-100 сая доллар олох боломж бий болсоныг дурьдсан. Нээлтийн үеэр хэлсэн үгнүүдээс түүний үг богино дээр нь хөгжилтэй болсон гэх үүдээ. Тэрээр хүндэт зочид сүүдэрт зогсож, бусад зочид наранд зогсож байгаа байдал эвгүйтвэл Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно шүү гэж хошигносон. Үнэхээр ч сүүлийн үед улс төрийн амьдрал Үндсэн хууль тойрсон асуудлаар нилээд маргалдах болсон. Энэ маргаан ч нилээд гишүүдийн толгойн өвчин болсон бололтой.
Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдрийг хэдэн Балжинням, Дашням давхацсан өдрөөс ч сайн өдөр болж байгааг дурьдаад, ийм сургууль нээгдэж буй нь манай мэдээлэл технологийн салбар дахь нэгэн асар том ахиц, дэвшил гэдгийг тодотгосон.
/тууз хайчлах ёслолын үеэр/
Нээлтийн ажиллагаа ерөнхийдөө ач холбогдол өгөхөөр мэдээ, мэдээллээр дүүрэн, хөгжлийн бас нэгэн шинэ гарц руу чиглэсэн чухал үйл хэрэг болсон гэж хэлж болно.
Гадаа болсон нээлтийн ёслолын дараа USI мэргэжлийн сургуулийн үндэслэн байгуулагч Ц.Буянцогтоо мэдлэгийн нийгмийн хөгжлийн хандлага, түүнд бидний эзлэх байр суурийн тухай, мөн вэб иргэншлийн тухай, мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг монголд хөгжүүлж болох боломжуудын талаар сонирхолтой, шинэлэг санаагаар дүүрэн илтгэл тавьснаар нээлтийн ажиллагаа өндөрлөсөн. Түүний яриа оюутан, сурагчид, эх эцгүүд, төр засгийн бодлого зохиогчид, ер нь хэн боловч сонсохуйц чухал ач холбогдолтой мэдээллээр дүүрэн байсныг тэмдэглэн хэлье.
Хэрэв та USI мэргэжлийн сургуульд элсэхийг хүсч байгаа бол
- USI мэргэжлийн сургуульд 10 жилийн боловсролтой ямар ч насны хүн элсэх боломжтой
- элсэгчдийн өргөдлийг iti.usi.mn хаягаар хүлээн авна, бүртгэлийн эцсийн хугацаа 2007 оны 8-р сар хүртэл
-Холбоо барих утас: 55151130, Имайл: info@usi.mn
/сурвалжлага бэлтгэсэн Bugdeeree.mn сайт/







(9 санал)
Нэг Сэтгэгдэл
Мэдээллийн технологи хөгжиж байгаа нь сайшаалтай, түүний дагаад мэдээллийн сүлжээ нь хөгжинө гэж найдаж байна.
Сэтгэгдэл vлдээх